
Баяртогтох
Батрэгзэдмаа
Баяртогтохын Батрэгзэдмаа (1972–2024) нь Монголын нэрт зохиолч, яруу найрагч юм. Тэрээр Төв аймгийн I арван жилийн дунд сургуулийг төгсөөд, Улсын Багшийн Дээд Сургуульд (УБДС) анх удаа нээгдсэн утга зохиолын ажилтны ангид элсэн суралцаж, "утга зохиол судлаач" мэргэжил эзэмшжээ. Б.Батрэгзэдмаа уран бүтээлийнхээ эхэн үед яруу найргаар дагнан бичиж, "Нисэлт" нэртэй анхны яруу найргийн номоо хэвлүүлсэн. Үүний дараа "Хайр" яруу найргийн хос ном, "Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ", "Сэрсэн дэлхий АСОАДАРЭ", "Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ" зэрэг яруу найргийн гурамсан бүтээлүүдийг туурвисан. Тэрээр хүүрнэл зохиолын төрөлд ч амжилттай ажиллаж, "Очир эрхшээгч" роман, "Алтан соёмбын эх орон" кино туужийг бичсэн бөгөөд "Би чамд хайртай 2" киноны зохиолыг бүтээсэн юм. "Очир эрхшээгч" роман нь үйлийн үр, хүний амьдралын хойд, урд насны холбоо, далд ертөнцийн тухай өгүүлдэг бөгөөд Монголын утга зохиолд шинэчлэл хийхийг зорьсон бүтээл гэж зохиолч өөрөө үзэж байв. Түүний "Очир эрхшээгч" роман нь англи хэлээр "VAJRA: The Key Holder to the Universe" нэртэйгээр орчуулагдан, олон улсын уншигчдад хүрсэн байна. Б.Батрэгзэдмаа нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, "Алтан өд" зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж, Монголын уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билэг авьяас төгөлдөр зохиолч, яруу найрагч байсан юм.
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд