
Лувсанжамбаа
Мөнхтөр
Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1995 онд “Ногоон морь” дүрслэх урлагийн сургуулийг зураач-барималч мэргэжлээр сурч төгссөн. 1997 онд СУИС-ын ДУДС-д мэргэжил дээшлүүлэх ангид суралцсан. 2008 онд Лос Анжелес Пасифик Коллежийг компьютер график дизайнер мэргэжлээр сурч төгссөн. 1994-2004 онд Ногоон Морь нийгэмлэгийн “Явц-3-10” цуврал үзэсгэлэн, Монголын Шинэ Урлагийн Холбооны “Сөрөг” үзэсгэлэн, олон улсын контемпорари урлагийн “Огтлолцол” цуврал симпозиумд уран зураг, баримал, ланд арт чиглэлийн бүтээлээрээ оролцсон. Лос Анжелесийн Монголчуудын Холбоо, Америк дахь Монголчуудын Утга Зохиолын Нийгэмлэг, Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан нийгмийн идэвхтэн. 2008-2009 онд Холливүүдийн Юниверсал Студиод зураач, 2009 оноос чөлөөт уран бүтээлч, 2011 оноос эхлэн Америк дахь монголчуудын дунд зохиогддог уран уншлагын “Тулга”, яруу найргийн “Хөх Зөн”, богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын шүүгч, тайзны зураачаар ажиллаж ирсэн. 2016 онд Олон Улсын Шог Зураачдын Нийгэмлэгийн (ОУШЗН) 24 дэх чуулганд, баримлын төрлөөр II байр, 2019 онд МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагнал, 2021 онд соёл урлаг, олон нийтийн чиглэлээрх сайн дурын үйлсээрээ АНУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит “The President’s Volunteer Service Award” шагнал, 2023 онд ОУШЗН-ийн 32 дахь чуулганд, баримлын төрлөөр III байр, хурдан зурах тэмцээнд түрүүлж, “Дэлхийн хамгийн хурдан зурдаг шог зураач” цол, 2025 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тус тус хүртсэн. МЗЭ-ийн гишүүн. Уран зохиолын 20-оод ном редакторлаж, хавтас дизайныг нь гүйцэтгэсэн. Одоогоор АНУ-д амьдарч, уран бүтээлээ туурвиж буй.
Та нэвтэрч орно уу!
