
Бямба
Жигжид
Чононбөртэ овогтой Бямбын Жигжид (Архангай аймгийн Жаргалант суманд 1945 оны 2-р сарын 5-нд төрсөн) Монгол Улсын Төрийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар. НАМТАР Тэрээр 10 хүүхэдтэй малчин эцэг Янживын Бямба, эх Пүрэвийн Галсан нарын хоёр дахь хүүхэд болж 1945 онд төрсөн. Жаргалант сумын бага сургууль төгсөж, Эрдэнэмандалын 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй дүүргэсэн. 1964-1969 онд ЗХУ-д Уралын Политехникийн дээд сургуулийн Үйлдвэрийн дулаан хангамж мэргэжлээр сурч төгссөн байна. 1969 онд Ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхлүүлж 1970 онд Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженер, 1984 онд НАААҮЯ-ны орлогч сайдаар томилогдсон. 1990 оны 9-р сард Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Түлш эрчим хүчний яамны сайдаар томилогдсон. 1992 онд П.Жасрайн Засгийн газрын Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны сайд, 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ийн газрын даргаар томилогдсон. 2000 оноос Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн яамны сайд, Монгол-Туркийн, Монгол Улс-ОХУ-ын, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажиллаж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулжээ. 2010 оноос “Монголын, Азийн супер сүлжээ” нийгэмлэгийн ерөнхийлөгч, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны тэргүүн. БҮТЭЭЛ Тэр бээр “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг авто замаар холбох ажлыг амжилттай удирдан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед үндэсний авто замын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Мөн 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, ФМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Бямбын Жигжидийн бүтээлүүд: - “Монгол Улсын дэд бүтэц” Өчигдөр Эдүгээ Маргааш - “Монгол Улсын суурь дэд бүтэц ба эдийн засгийн аюулгүй байдал” Н.Тогтох, Б.Жигжид - “Нуугдаж болдоггүй тавилан” (шүлэг, найраглал) - “Бор борхон бодлын хэлхээ” (шүлэг, эсээ)
Та нэвтэрч орно уу!
