
Доржпалам
Чойжил
Бүрэнхан овгийн Доржпаламын ЧОЙЖИЛ Орчуулагч нэр Паламын ЧОЙЖИЛ ТОВЧ НАМТАР: Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бүрэнхан овогтой Доржпаламын Чойжил нь 1926 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Доржпаламын гэх малчны гэр бүлд хоёр дахь хүү нь болон мэндэлсэн. Бага дунд сургуулиа онц төгсөж, 1944 оны 6 сард багшийн сургууль төгсөөд Дорноговь аймагт нэг жил тооны багшийн ажил хийсэн. Тэрээр 20 ч хүрээгүй эрүүл чийрэг тооны багшийн ажил хийж байхдаа гэнэт Менингит өвчин тусч олон сар өдөр өвдөж, гэр бүлийнх нь амь гарах эсэхийг нь мэдэхгүй байсан ч даван туулж гагцхүү эдгэрч буй сүүлийн хэдэн өдрөө сонсголоо алдсанаа мэдсэн болно. 1945 оны дөрөвдүгээр сард “Чих хатуурсан тул багшийн ажил хийх чадваргүй” гэдэг актаа аваад маш их санаа сэтгэлээр унасан ч, дүлий хүнд хийх ажил байх л ёстой амьдрах нийгэмд байр сууриа олох найдвар бүхий Гэгээрлийн яамны боловсон хүчний даргатай уулзаад хоёр хоногийн дараа Т. Машлай сайдын нарийн бичгийн даргаар ажиллуулах санаа аваад туйлын их баярласан гэдэг. Бичгийн чадвар сайтай тул бусад яам албан газар явуулах албан бичгийн эхийг зохиох нь тийм хүнд биш ажил байлаа. Олон хүний туслалцаатайгаар бичиг баримтыг дугаарлан хавтаслах, бичиг хэргийг эмх цэгцтэй хөтлөх талаар заалган сурсан. Гэгээрлийн яаманд ажиллаж байх үедээ олон эрдэмтэн, зохиолч нарын ажлыг уншиж танин мэдсэнээр уран зохиолд өөрийнх нь таг дуугүй ертөнц дуу чимээтэй болох шиг шинээр нээгдэх шиг мэдрэмж төрснөөр, уран зохиол өөрийнх нь аврал найдвар болсон гэж ярьдаг байсан. Дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дуусаад юм бүхэн ховор тачир цаг байсан. Унших ном зохиол байтугай хоол хүнс ховор байсан үед, ганц хоёр олдож буй ном нь орос хэл дээр байлаа. Олдсон ямар ч ном байсан уншаад ойлгохыг хичээдэг байлаа. Залуу эрүүл эхнэр Цэрэндулам нь үргэлж урам хайрлан, номоо уншаад надад яриад өг гэж өдөр бүр зориг өгдөг байж. Дүлий болсноосоо хойш Чойжил нь улам дуугаа хурааж ярихаа болиод бараг хэлгүй болохоо дөхсөн байсныг эхнэр нь бичгээр ярихын оронд өөрсдөө өөрсдийн дохионы хэл зохиож ярьдаг болсон. Эхнэр нь дохино, Чойжил гуай эргээд хэлд орж буй хүүхэд шиг богино өгүүлбэрээр сөөнгө хоолойгоор хариу өгч эргээд хэлд орсон гэдэг. Ингээд олдсон орос хэлээр бичсэн уран зохиолын ном уншаад халтар хултар ойлгодог болоод орос хэл сурах, орчуулагч болох сонирхол эрмэлзэлтэй болсон. 1955 онд Г. Дэлэг гуай хамт олны яриа сургаар сонсоод хичээнгүй шаргуу хөдөлмөрч дүлий хүнийг засгийн Төв хэвлэлийн гадаад мэдээний хэлтэст орчуулагчаар авчээ. Орчуулга бол хүнийг өөд татах ид шидийн увдистай гэж хэлдэг байсан. “Үнэн” сонинд олон мундаг орчуулагч, зохиолч, сэтгүүлч нар ажилладаг байсан. Тэдний дундаас хамгийн их юм зааж өгсөн хүн бол С.Бадраа гуайг хэлдэг байсан. Орчуулгад үг үсэг хөөцөлдөх нь онц биш, утга санааг уран сайхнаар буулгах нь чухал гэдгийг ойлгуулж өгсөн хүн гэдэг. Хамгийн анх орчуулсан зүйл нь Огонек сэтгүүлээс авсан өгүүлэг байсан. Тэр үед орчуулга хийхэд амаргүй, 30 мянган үгтэй орос монгол тольд орчуулах хэрэгтэй үг бүр байдаггүй, ялангуяа гаднын зохиол номыг орчуулахад Монголд ургадаггүй, иддэггүй зүйлээс авхуулаад оновчтой үгс нь олддоггүй байсан байна. Анхных нь өгүүллэгийнх нь гарчгийг Ринчен гуай өөрөө хэлж өгсөн байдаг. 1959 – 1979 оны хооронд Энх тайван, социализмын асуудал сэтгүүлд ажилласан. Дунд нь 1967 – 1970 онд Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэст орчуулагчаар томилогдон очиж ажилласан. 1973 онд Монгол Улсын анхны орчуулагч хүн Соёлын гавьяат зүтгэлтнээр шагнуулсан болно. 1985 – 1988 онд Москвад Прогресс хэвлэлийн газар В.И.Лениний 12 боть түүвэр зохиолыг орчуулахад бүрэн хувь нэмрээ оруулсан. Д.Чойжил нь өөрийн ажлын сацуугаар чөлөөт цагаараа мөн Орос, Англи, Америк, Итали, Япон, Франц улсын уран зохиолуудын 100 гаруй ном орчуулж номд дуртай Монгол түмний оюуныг мялааж ирсэн ачтан бөгөөд түүний өнөөгийн уран зохиолд оруулсан хувь нэмэр ч үнэлэгдэж баршгүй гавьяатай нэгэн билээ. Сурах эрмэлзэл хэзээ ч унтардаггүй Чойжил гуай Франц хэлийг мөн өөрөө бие даан үзэж, хэд хэдэн өгүүллэгийг орчуулж эмхэтгэлд оруулан хэвлүүлсэн билээ. Түүгээр барахгүй хэд хэдэн монгол үлгэр өөрөө зохиосон, мөн ирээдүйн орчуулагч нарт тус дэм болох “Орчуулагчийн жаргал, зовлон”гэдэг номыг бичиж гаргасан. Мөн тэрээр Монголын хараагүй, хэлгүй дүлий иргэдийн нийгэмлэгийн дэд тэргүүн, орлогч даргаар 1980 оноос 1998 онуудад ажиллаж байсан юм. Тэтгэвэртээ гарсан байсан ч долоон хоногийн 5 өдөр нь өөрийн ажлын дэглэмээр зөвхөн уран зохиолын орчуулга дээр зогсохгүй шинжлэх ухаан, анагаах ухаан, эрүүл мэнд, улс төр, түүхийн орчуулгыг Монгол дахь олон албан байгууллагуудад өөрийн мэдлэг мэргэжлээрээ туслалцаа үзүүлж, хувь нэмрээ оруулан явсан. Тэдний дунд НҮБ байгууллагаас гаргадаг хэвлэлд удаа дараа орчуулга хийж, Ийгл телевизэд орчуулагч, Супервижн телевизэд англи хэлтэй киноны анхны монгол хадмалын орчуулгыг хийх, хянах ажлыг хийж ирсэн бөгөөд 2008 онд хүнд өвчний улмаас л зогсож, сүүлийн мөч хүртэл илүү ихийг хийж, орчуулж, өвлүүлэн үлдээх байсан юмсан гэж харамссан.
Та нэвтэрч орно уу!
