Жамъян

Лхагвасүрэн

Хурандаа генерал Ж.Лхагвасүрэн 1912 он Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошууны нутаг (одоогийн Булган аймгийн Сайхан сум) Хүрэмтийн голын эх Тэмээн жалга хэмээх газар мэндэлжээ. 1925 - 1928 онд хошууны бага сургууль буюу танхимын сургуульд суралцаж төгсгөөд, хошууны тал бичээч, бичээч, улмаар 1929 -1932 онд Богд хан уулын аймагт бичээчийн алба хашиж байгаад 1932 онд ардын цэрэгт сайн дураараа мордож, Тамсагбулагийн 15 дугаар морьт хороонд цэргийн алба хаах хугацаандаа жагсаалын цэрэг, хороо, дивизийн эх зохиогч, нууцын даргаар ажиллаж байв. 1935 оноос Москва хотноо В.И.Лениний нэрэмжит цэргийн академийн цэргийн улс төрийн курст суралцаад 1939 онд төгсгөсөн аж. 1939 онд МАХЦ-ийн Улс төрийн газрын орлогч дарга, 1939 - 1941 онд Улс төрийн газрын дарга, 1939 - 1948 онд Цэргийн явдлын яамны сайдын бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж байгаад 1948 - 1951 онд ЗХУ-ын М.В.Фрунзегийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгсгөв. 1951 - 1953 онд Цэргийн ерөнхий сургуулийн захирал, 1953 - 1956 онд Батлан хамгаалах яамны орлогч сайд, Ардын цэргийн ерөнхий штабын дарга, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд, Ардын цэргийн командлагч , 1956 - 1959 онд Улсын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны дарга, Ардын цэргийн сайн дурын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, 1959 - 1969 онд Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд, Батлан хамгаалах яамны сайд, 1969 - 1978 онд Ардын Их хурлын тэргүүлэгчдийн ардын депутатуудын хурал, байнгын комиссын асуудал эрхэлсэн Товчооны дарга, мөн газрын хурлын хэлтсийн дарга, 1978 - 1980 онд БНБАУ-д элчин сайд, 1980 - 1982 оны 3-р сар хүртэл Ардын их хурлын Тэргүүлэгчдийн хурлын хэлтсийн зөвлөхөөр тус тус ажиллаж байв. Ж.Лхагвасүрэн олон арван өгүүлэл бичиж нийтлүүлснээс гадна дурдатгалуудаа хэвлүүлэн гаргасан билээ: “Цэрэг эрийн замналаас” 1971 “Олон жилийн зузаан нөхөрлөл” 1975 “Халхын гол” 1979 “Сэтгэлд шингэсэн он жилүүд” 1984 “Тулалдаант он жилүүд” 1995 (“Ардын армийн дайчин замнал”). Сүүлчийн хоёр номыг Ж.Лхагвасүрэнг ертөнцийн мөнх бусыг харуулснаас хойш цэргийн сэтгүүлчид Да.Дамдиндорж, Б.Жанчив агсан нар хэвлүүлэн гаргасан түүхтэй. 1999 онд хорьдугаар зууны Монголын сод хүмүүс, гарамгай бүтээл, онцгой үйл явдлыг тодруулахаар “Зууны мэдээ” сонин, Монголын Радио, “Монголын мэдээ” агентлагаас хамтран зохион байгуулсан “Зууны манлай” санал асуулгаар Залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэн Зууны манлай цэргийн зүтгэлтнээр шалгарсан билээ.

Та нэвтэрч орно уу!