#Science X Podcast №11 Т.Одбаяр: Зэрлэг амьтны хамгаалалд генетикийн судалгаа өндөр ач холбогдолтой

Та нэвтэрч орно уу!

#Science X Podcast №11 Т.Одбаяр: Зэрлэг амьтны хамгаалалд генетикийн судалгаа өндөр ач холбогдолтой

Манай орны хувьд Алтайн өвөр говьд буй мазаалай баавгай (Ursus arctos gobiensis) нь хамгийн ховор амьтан буюу нэн ховор устах аюулд орсон баавгай билээ. Энэ өвөрмөц баавгайг хамгаалахын тулд эхний ээлжид популяцийн хэмжээ, нягтшил, хүйсийн харьцаа, мэнд үлдэлт болон популяцийн өсөж буурч байгаа зэргийг тодруулах нэн шаардлагатай байв. Үүнээс гадна энэ баавгайн түүхэн хөгжлийг судалж, ангилал зүйн асуудлыг тодруулснаар цаашдын хамгааллын менежментийг зүй зохистой явуулахад шинжлэх ухааны мэдлэгээр хангах байв. Эдгээр асуултуудад хариулахын тулд генетик болон геномын судалгааны арга зүй ашигласан ба дараах үр дүнгүүдийг гаргаад буй юм. 1) 2008 оноос өнөөс генетик мониторинг судалгааг хийж, тоо толгой (n = 32, 95%-н магадлалаар 28-38 бодгаль), нягтшил, мэнд үлдэлт зэргийг статистикийн сүүлийн үеийн арга зүйгээр тогтоогоод буй юм. Тусгаарлагдсан, жижиг популяцийг устах аюулд хүргэх гадаад болон дотоод олон хүчин зүйлсийн нэг нь популяцийн бүтэц алдагдах ба тус популяцийн хүйсийн харьцаа алдагдсан (3 эр: 1 эм) буйг 2009, 2013 болон 2017 оны судалгаагаар илрүүлсэн. Үүнээс гадна мазаалай баавгай цөөн үлдсэн тул генетик олон янз байдал бага (He = 0.29), инбридингийн коефициент (F = 0.67-0.67) маш өндөр болсон байв. 2) Мазаалай баавгайн түүхэн хөгжил, ангилал зүйн асуудлыг ойлгохын тулд бусад хүрэн баавгайн популяциудтай харьцуулан судлах байв. Энэ ажилд уламжлалт генетик аргаас гадна бүтэн геномын түвшинд судалж, мазаалай нь филогенетикийн нэгэн тусдаа мөчирт суусан, тусдаа дэд зүйл байж болохыг тогтоов. Мөн түүнчлэн төв азийн сайн судлагдаагүй хүрэн баавгайн популяциудын хоорондын түүхэн болон өнөөгийн генийн урсгал, генетик бүтэц, генетик олон янз байдал зэргийг тодруулав. Эдгээр судалгааны үр дүнгүүд нь мазаалай болон хүрэн баавгайн бусад популяциудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах, чиглүүлэхэд тусалж буй юм. Дэлгэрэнгүйг дараах судалгааны материалуудаас харна уу: https://doi.org/10.2192/Ursus-D-15-00001.1

Ангилал:

Шинжлэх ухаан

Хугацаа:

72 минут

Нийтлэгдсэн:

2023-03-09

Суваг:

Science X