Самбуу

Надмид

Зохиолч Самбуугийн Надмид 1934 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүрэн толгой” гэдэг газар төрсөн. 1954 онд Сайнцагаан сумын 10 жилийн дунд сургууль, 1958 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетыг хими биологийн багш мэргэжлээр, 1959 онд Москва хотноо гурилын үйлдвэрийн технологичийн дамжаа, 1964 онд МУИС-ийн харьяа утга зохиолын дээд сургуулийг тус тус төгсгөсөн. Улаанбаатар хотын гурилын үйлдвэрийн анхны технологич инженер бөгөөд тээрмийн цехийн дарга, политехникумд гурилын үйлдвэрийн багшаар ажиллаж байсан Мөн “Хөдөлмөр”, “Пионерын үнэн”, “Залуучуудын үнэн” “Шинэ хөдөө”, “Үнэн” сонинуудад утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Дуудлага сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байсан монголын нэрт сэтгүүлчдийн нэг байв. С.Надмид “Бордоотой бороо”, “Нарны охид”, ”Сүүдэрхүү”, “Дааганы уралдаан”, “Нийслэлийн замд”, “Зүрх амардаггүй”, “Улаан дээвэрт байшин”, “Мөнх соёо”, “Хайрлахуй ханьсахуй” “Хар нүдэн” (роман) зэрэг гуч гаруй ном, “Гал голомт”, “Гийнгоо” кино бичиж олны хүртээл болгосон агаад монголын утга зохиолын сан хөмрөгт уран зөгнөл, уран сэтгэмж, домог үлгэр, хошин шог, яруу найраг, жүжиг, киноны бүхий л төрлөөр үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. С.Надмидын уран бүтээлийн амжилт, хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Д.Нацагдоржийн болон МҮЭ, МСХ, МХЗЭ, МЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнасан.

Та нэвтэрч орно уу!