Балдорж

Б. Алтанхуяг

Балдоржийн Алтанхуяг. 1996 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрсөн. Муис-ыг Утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. “Монцамэ” агентлаг болон "Interviev" сэтгүүлийн тоймчийн алба хашдаг. "Цаасан навчсын эмгэнэл" /2013/, "Зурмал нүдэт хэрээ" /2015/, "Шувуудын гүн ухаан" /2017/ шүлгийн түүвэр, "Муурын байшингуудын түүх" /2016/ өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Арван өвлийн хойно

Арван өвлийн хойно

2024/11/19

Яруу найрагч, зохиолч Б.Алтанхуягийн "Арван өвлийн хойно" шүлгийн түүврийг уншигчдадаа хүргэж байна. Зохиогч номын талаар “Урлаг, утга зохиол үүссэнээс хойш яван явсаар өдгөө ямар нэгэн зүйлийг хүнд шууд тулгахаа больжээ. Учир нь хүний сэтгэл ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг болохоор тэр. Магад зөвхөн өөртөө эсвээс өөрөө ч мэдэхгүйгээр туурвисан бүтээлүүд олон байдаг. Түүнээс уншигч юуг мэдрэх, таних, ойлгох, бие хүнд нь дөт мэдрэмжийг хүлээн авах нь хувь бодгалийн асуудал. Харин яруу найраг бол анхнаасаа ямар нэгэн ухаарал, сэтгэлийн дотоод дахь хөг эгшгийг хүмүүст гүн ухааны адилаар номчилж ирсэнгүй. Зөвхөн өөртөө зориулж бичих, сэтгэл дэх олон өнгийн гунигаа юүлэх, зүрхэндээ мэдэрч буйг бичих, уйтан ганцаардлаа усан бороо, цасны гэгээ, навчсын сэрчигнээтэй харьцуулах шиг... Яруу найраг бол үзэл санаа. Яруу найраг үнэн байхдаа хамгийн амттай. Тэндээс олсон бүхэн минь намайг амьдралд улам хайртай, илүү хүнлэг нэгэн болгосон шиг санагддаг” хэмээжээ.

18,000₮
Эрээн муурын үхэл

Эрээн муурын үхэл

2024/11/19

Магадгүй уншигч танд энэ номын өгүүллэгүүд бодит байдлаас хэтийдсэн аливаа түүх, хууч яриа шиг санагдаж мэднэ. Гэхдээ юун түрүүнд нэг зүйлийг хэлэх учиртай болов уу. Би ерөөс дуг хийгээд сэрэхээс бусад үед ямар нэгэн зүүд зүүдлэлгүйгээр унтаад сэрж байсан удаагүй. Заримдаа зүүдээ захиалж чадаад байх шиг хачин мэдрэмж төрдөг. Тиймээс аль болох зүүдэлсэн дарааллаараа уг номын өгүүллэгүүдийг уншигч танд хүргэсэн билээ. Учир иймээс хоорондоо эрс ялгаатай боловч өгүүллэг бүр ямар нэгэн сэжмээр уялдаатай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Харамсалтай нь уншигч танд амьдралын үнэн, утга учрыг ойлгуулж, үгсийн гэрэлд замчлах гэсэн бус зөвхөн өөртөө л зориулж, бичих үед амталдаг тэрхүү таашаалыг мэдрэх хэмээсэндээ туурвисан ном юм. Тэгээд ч уран зохиол ямар ч хэлбэр дүрстэй байж болдог чанар нь үргэлж намайг өөртөө дурлуулсаар иржээ. Нэгэнтээ орчуулагч, зохиолч Д.Дашмөнх “Өөрөөр хэлбэл миний зохиолууд юуны түрүүнд танд зориулагдаагүй юм, гэхдээ таныг уншиж таашаахад надад дургүйцэх юм алга аа...” гэж хэлсэн удаатай. Таалан болгооно уу.

23,000₮
Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд

Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд

2024/11/19

Уг ном нь сэтгүүл зүйн нийтлэл, хөрөг, сурвалжилга, аян замын тэмдэглэлээс гадна дурсамж нийтлэлүүдээс бүрджээ. Монгол орны хилээр болон зүүн тайга, цаатан үндэстэнд зочилсон тэмдэглэлээс гадна нэрт найруулагч Б.Баатар, хөгжмийн зохиолч Б.Шарав зэрэг хүмүүсийн хөрөг, уянгын нийтлэлүүдээс бүрдэнэ. Бие махбодын элээгдэх нь жам ёсных бөгөөд гагцхүү оюун ухаан амьд байж улирсан он жилүүдэд үлдсэн, санахын төдийд дэргэдээс ургадаг дурсамжууд л цагийн урсгалд мөлийдөггүй буюу. Зарим нь тод, зарим нь бүдэгхэн эсвэл ор тас мартагдчихсан дурсамжууд ч хаа нэгтээ, хэн нэгний дотор чамайг бий болгодог. Магадгүй өсөж төрсөн нутгийн чинь газар шороо, өвс ургамал, хад чулуунд шингэж, үүлс, салхитай хамт зугаацаж явснаа буцаад л өвс, чулуундаа шингэсээр үүрдийн хөдөлгөөн дунд зогсолтгүй оршсоор байдаг болов уу. Тэдгээрээс үг болж цаасан дээр бийрлэгдэх нь бий, үгүй бол намар буцах шувуудын жигүүрт дайгдаад одчих нь ч бас бий. Тийм л дурсамжийн тухай, бусдын сайхан сэтгэлийн тухай ном юм.

25,000₮